
Монгол улсын үндэсний хэмжээний томоохон их сургуулийн нэг Монголын Үндэсний Их Сургууль үүсч байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан манай сургуульд ажиллаж байсан үе үеийн эрдэмтэн багш нар, төгсөгчид, мянга мянган шавь нартаа болон нийт ажилтан ажиллагсад, тэдний гэр бүлийнхэнд МҮИС-ийн Удирдах зөвлөлийн өмнөөс болон хувиасаа ойн баярын мэндийг хүргэе.
Хорин жилийн хугацаа бага хугацаа биш, хүний насаар бол сургууль маань эрийн цээнд хүрч байна. Өнгөрсөн 20 жилийн ололт амжилтын үндэс нь та бид гар сэтгэл нийлэн ажилласны зэрэгцээ хөгжлийн төлөөх үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдэж чадсан явдал юм.
Аливаа түүхэн ойг тэмдэглэнэ гэдэг бол баг, хамт олон өнгөрсөн түүхийнхээ алдаа онооноос суралцаж, хөгжлийн шинэ мөчлөгөө, шинэ үе шатаа эхлүүлэх боломжийг олгодог. Бид өнгөрсөн 20 жилд үндэсний хэмжээний тэргүүлэх сургуулийн түвшинд хүртлээ хөгжиж чадсан бол ойрын жилүүдэд бүс нутаг, дэлхийн хэмжээний шилдэг 500 их сургуулийн эгнээнд орох зорилго, зорилтыг тавьж байна.
Их сургуулийнхаа үнэт зүйлсэд тулгуурлан ирээдүйн Монгол залуусаа дэлхийн хэмжээний өрсөлдөх чадамжтай иргэн болгон төлөвшүүлж хөгжүүлэх үйлсэд тань улам өндөр амжилт хүсэн ерөөе.
МҮИС-ийн
үүсгэн байгуулагч, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Ерөнхий Захирал
Л.Мөнхбат 2018.12.07

